Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

БАГАНУУР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТААТАЙ ОРЧИН БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-03-26

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Энэхүү бизнес уулзалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгууллаа. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.

Анх удаа зохион байгуулагдаж буй бизнес уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайд, тэдний төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл хийгдсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг үр дүнтэй болгох талаар дүүргүүд төр захиргааны байгууллагууд НИТХ анхаарч ажиллаж байна. Багануур дүүргийн хувьд нийслэлийн алслагдсан 3 дүүргийн нэг. Гэхдээ үүнээс хойш алслагдсан гэдэг агуулгыг бид орхих ёстой. Нийслэлийн дүүрэг гэдэг статустай учраас нийслэлийн төр захиргааны байгууллага болон Засгийн газраас авч хэргжүүлж байгаа аливаа нэг арга хэмжээнд орхигдож, хууль эрх зүйн орчинд өгөгдсөн статусын дагуу алслагдсан болон төвийн гэж ялгахгүй байх хэрэгтэй. Цаашдаа дүүргийн ялгааг төвийн болон алслагдсан биш үйлдвэрлэл үйлчилгээ, өрсөлдөх чадвараар нь харах ёстой” гэж тодотгож байлаа.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлан, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын хүрээнд концессын гэрээгээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 700МВт суурилагдсан хүчин чадал бүхий Багануурын дулааны цахилгаан станцыг тус дүүрэгт байгуулахаар шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа юм. Уг станц баригдсанаар цахилгаан, дулааны эрчим хүчний бодит ачааллыг нэмэгдүүлэх, суурь үнэ тариф боломжит хэлбэрээр буурах, түүнчлэн усны уур ашиглан барилга, арьс шир, ноос ноолуур боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж бодитоор бий болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур дүүргийг эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл дагнасан дагуул хот байхаар тусгагдсан. Энэ хүрээнд татварын таатай нөхцөл бүрдсэн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх Багануур-Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлэн явуулж байна.


Багануур дүүрэгт 241 аж ахуйн нэгж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 1 компани тус тус үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв энэ онд 31 байгууллагатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шинээр байгуулсан нь өмнөх оноос 12 байгууллагаар өссөн байгаа юм.


Нийслэлийн дүүргүүдээс анх удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таатай боломжийг олгосон, онцлог давуу талыг сурталчилсан үр өгөөжтэй уулзалт боллоо гэж ирсэн зочид төлөөлөгчид дүгнэж байна.  Цаашдаа хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг сурталчлах тал дээр хөрөнгө оруулагчдад чиглэсэн энэ төрлийн уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй юм гэж оролцогчид хэлж байлаа. 


БАГАНУУР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТААТАЙ ОРЧИН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ДАВААСҮРЭН ҮГ ХЭЛЛЭЭ.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ нийт Багануурчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. 
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, 
Хүндэт зочид төлөөлөгчдөө,
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Аливаа улс орны хөгжлийн цар хүрээг эдийн засгийн тулгуур бие даан хөгжих үндэс болсон аж үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол, соёл, иргэдийн ая тухтай амьдралын төвшингөөр тодорхойлдог билээ.
2017 онд Монгол Улсын Засгийн газраас Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлан, өнгөрсөн жилүүдэд Монгол улсын Засгийн газраас эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хүрээнд концессийн гэрээгээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 700МВт суурилагдсан хүчин чадал бүхий Багануурын Дулааны Цахилгаан станцыг Багануур дүүрэгт барьж байгуулахаар шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажил аль хэдийнээ эхлээд байна.
Багануурын цахилгаан станц баригдсанаар цахилгаан, дулааны эрчим хүчний бодит ачааллыг нэмэгдүүлэх, суурь үнэ тариф боломжит хэлбэрээр буурах, түүнчлэн усны уур ашиглан барилга, арьс шир, ноос ноолуур боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж бодитоор бий болох юмаа. Түүнчлэн манай дүүрэг нүүрсний ил уурхай, олон улсын төмөр зам, авто зам, Монгол орны Зүүн өмнөд бүсийг холбосон эрчим хүч, мэдээллийн технологийн өргөн сүлжээнд холбогдсон, хүн амын ая тухтай амьдрах орчин, орон сууцжуулах, үйлдвэр үйлчилгээ эрхлэх бодит нөхцөл бүрдсэн дүүрэг юм. Товчхон хэлбэл, Багануур дүүрэг бол хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хувьд бодит боломж, сонголт юм.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хүн ам, аж үйлдвэрлэлийн төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Багануур дүүргийг эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл дагнасан дагуул хот байхаар тусгагдсан бөгөөд татварын таатай нөхцөл бүрдсэн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой томоохон газар бүхий Багануур-Үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ цаг үед бид дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид та бүхэнтэй уулзаж мэдээ мэдээллээр хангах, хамтран ажиллах боломж нөхцөлөө танилцуулах зорилгоор энэхүү бизнес уулзалтыг дүүрэгтээ анх удаа зохион байгуулж байна.

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалтад оролцогч Та бүхэнд дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, төрөөс баримталж буй бодлого, суурь бодит боломж, статистик судалгаа мэдээлэл, үйлдвэр технологийн парк, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Бидний санал болгон танилцуулах дүүргийн хөгжил дэвшилд чиглэсэн хөрөнгө оруулалт, төслийг хэрэгжүүлэхэд хэн бүхэнд нээлттэй ба гагцхүү Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Байгал орчин, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй, орчин үеийн техник, технологийг ашиглан, нээлттэй ил тод, харилцан ашигтайгаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, иргэдийн ая тухтай амьдрал, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлыг голлон анхаарч үзэхийг миний хувьд зориуд та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалтаас олон ажил хэрэгч, бүтээлч саналууд гарч, дүүргийн хөгжлийг тодорхойлж, бодит үр дүнг ойрын ирээдүйд Багануурчуудад авчирна гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэндээ амьдралын сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, Бизнес уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.



 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%