Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн 18178 иргэнд 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хүний гэр бүлийн 153 иргэнд орон сууц, 204 иргэнд нь орон сууц орлосон хэмжээний мөнгөн олговор олгоод байна.
Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхэд 400 орчим байна. Эдгээр хүүхдүүд нь бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрэг багагүй хохирол хүлээжээ. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр 1 удаагийн нэмэлт нөхөн олговор олгохоор хуулинд тусгасан байна.
Уг хууль батлагдсанаар энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн энэхүү нөхөх олговорыг хуульд заагдсан шаардлага хангаж байгаа иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэйгээр хуульд заасан байна.

