Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2018-09-25

Жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг Улс орон даяар “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний хүрээнд Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, “ГҮНДҮ ЁНДОН РАВЖААЛИН” хийд хамтран хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхэд, ач зээ тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлж ном уншиж зул өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Мөнхцэцэг, Төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, О.Мөнхсайхан, Г.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Балжинням ЗДТГ-ын дарга П.Баттүшиг болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд болох 53 иргэн оролцлоо.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна. 
УИХ-аас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг батлан гаргасан байна. 
Хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн 18178 иргэнд 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хүний гэр бүлийн 153 иргэнд орон сууц, 204 иргэнд нь орон сууц орлосон хэмжээний мөнгөн олговор олгоод байна. Хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр 1 удаагийн нэмэлт нөхөн олговор олгохоор хуулинд тусгасан байна. Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн энэхүү нөхөх олговрыг хуульд заагдсан шаардлага хангаж байгаа иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэйгээр хуульд заасан байна.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%