Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, “Грийндтрендс” ХХК хамтран “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж 150 гаруй иргэд оролцож санал хүсэлтээ солилцов.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох төвлөрсөн хот суурин газруудын түлш, эрчим хүчний хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар шийдвэрлэх аж.
Мөн нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах судалгаа, тооцоо нь төслийн үр ашгийг үнэн зөв тодорхойлж, хөрөнгө оруулах, шийдвэр гаргах мэдээллийг агуулах бөгөөд судалгаан дээр тулгуурлан ажлын зураг төслийг боловсруулах юм байна.
Манай орны хувьд байгалийн хийг гарган авах хэд хэдэн боломж байдаг аж. Тухайлбал, нүүрсний давхаргын метан, занарын хийг олборлох, эсвэл хүрэн нүүрсийг боловсруулан нийлэг байгалийн хийг гарган авах юм. Байгалийн ийм нөөцийг ашигласнаар манай улс эрчим хүчээр бүрэн хангагдаж, агаарын бохирдлоо арилгахаас гадна байгалийн хийг экспортлох замаар дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцогч орон болох ирээдүйтэй ажээ.
Иймд Монгол улсын төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хүрэн нүүрсний ордыг сонгож, тухайн нүүрснийхээ шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийн сонголт хийх, үйлдвэр барих байршлыг нүүрс болон усан хангамжийн боломжтой уялдуулан тогтоох юм.
Байгалийн хий нь цэвэр, хямд түлш төдийгүй эрчим хүчний алдагдалгүй, үр ашигтайгаар эрчим хүчийг дамжуулагч болдог учраас тив, улс дамнуулан худалдах, худалдан авах ажиллагаа явагдсаар ирсэн байна. Ийм учраас эрчим хүч экспортлох, импортлох асуудлын хүрээнд байгалийн хий чухал байр суурийг эзэлдэг. Тухайлбал, дэлхийн 110 гаруй оронд байгалийн хийг ашиглаж байгаа бөгөөд АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлтийн 27.2 хувийг байгалийн хий эзэлж байна. Мөн ОХУ-д 50 орчим хувь, Европд 19.1 хувь тус тус эзэлдэг аж.