Багануур дүүргийн иргэн, ахмад настан С.Дуламрагчаа “Эрхэм хотын дарга таныг хүрэлцэн ирж бидэнтэй ирж уулзаж байгаа баярлаж байна. Залуу хүний хувьд их хотынхоо хөгжлийн төлөө урьд ер хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаад баярлалаа хэмээгээд суурьшлын бүсээс мал амьтныг гаргах тал дээр анхаарал хандуулах, мөн залуусын цаг баримтлах, хариуцлагатай иргэн болгож хүмүүжихэд ажилд анхаарлаа тавьж ажиллаарай” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Иргэдийн асуусан асуултад Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад дээр дурьдсан санал хүсэлтүүдийг тэмдэглэн авч, чиглэл тус бүр дээр нь анхаарал хандуулан эргэж хариулт өгч ажиллахыг үүрэг болголоо.
С.Амарсайхан “Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлсэнээр хотын төвлөрөл багасна. Тиймээс Багахангай, Налайх, Багануур дүүргүүд рүүгээ чиглэсэн томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтуудыг цаашид ч хийнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүрэгт ногоон байгууламжийг бий болгоход зарцуулагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн, бид хот байгуулалт судалгааны институтыг байгуулан ажиллаж эхлээд байгаа. Төлөвлөгөөтэйгөөр захын гурван дүүргийг шат дарааллан хөгжүүлнэ” гэлээ.
Уулзалтын төсгөлд дүүргийнхээ иргэд, оршин суугчдын сайн сайхны төлөө ажил үүргээ хангалттай хийж хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд болон Багануур дүүргийн нийт ард иргэдэд хандан дүүргийн хөгжил дэвшил та бидний хамтын ажлын үр дүнгээр илэрхийлэгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга тодотгон хэллээ.




