Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Мэндчилгээ

2015-02-17

Дүүргийн нийт ард иргэд, ахмад буурлууд та бүхэндээ Төгс буянт Монгол зурхайн ёсны XVII дугаар жарны “ Ялгуусан” хэмээх модон морь жилийг үдэж “Галзууруулагч" хэмээх модон хонь жилийг угтаж буй энэ мөчийг тохиолдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид болон хувиасаа сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэн мэндчилье.
Улиран одож буй “Ялгуусан” хэмээх модон морь жил нь дүүргийн төр захиргаа, төрийн бус байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газар, хувийн хэвшлийнхэн болоод хотол түмэнд минь ивээлээ хайрласан, амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа.
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд орон нутгаа иргэдийнхээ оролцоотойгоор хөгжүүлэх зорилт тавин ажилласан бөгөөд энэхүү нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд Иргэний танхим байгуулагдаж, уг танхимаар дамжуулан иргэн бүр амьдарч байгаа орчноосоо эхлээд нийслэл хот цаашлаад эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улмаар шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо хангагдах таатай нөхцөл боломж бүрдлээ.
Түүнчлэн ДИТХ нь өнгөрсөн онд 18 удаа хуралдаж, орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлснээс гадна хороодын Иргэдийн нийтийн хурлын хэвийн, тасралтгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллалаа.
Дүүргийн ард иргэд үеийн үед бие даан хөгжихөөр зорин тэмүүлж байгаа бөгөөд улиран одож буй “Ялгуусан” хэмээх модон морь жилд “Хот” болох санал асуулгад идэвхитэй оролцож, 95,8 хувийн саналаар Хотын үндсэн дүрмээ баталж, “бие даасан хот” болох асуудлыг дэмжиж, НИТХ-д өргөн бариад байна.
Улиран одогч модон морь жилд дүүргийн хэмжээнд 765 хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд модон хонь жилийн босгон дээр Багануурчууд бид Монгол улсын 3 сая дахь иргэний эн чацуутан 3 бяцхан үрсээ өлгийдөн авч, төр захиргааны байгууллагаас хүндэтгэл үзүүллээ.
Учран золгож буй “Галзууруулагч" хэмээх модон хонь жилд Багануурчууд та бүхэн минь олсон амжилтаа бататган, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, эрүүл саруул, энх тунх байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%